ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ДЭМЖИХ ЗОРИЛГООР АРИЛЖААНЫ БАНКААР ДАМЖУУЛАН ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХ ТӨСЛИЙН ЖУРАМ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн
сайдын  2010 оны 02 дугаар сарын 19 ны
өдрийн  35 дугаар тушаалын
1 дүгээр хавсралт
ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ДЭМЖИХ
ЗОРИЛГООР АРИЛЖААНЫ БАНКААР
ДАМЖУУЛАН ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХ
ТӨСЛИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ДЭД
КОМИССЫН ҮЙЛ  АЖИЛЛАГААНЫ ЖУРАМ
Нэг : Нийтлэг үндэслэл
1.1.    Жижиг, дунд үйлдвэрийг санхүүгийн талаар дэмжих арга хэмжээг зохион байгуулах, арилжааны банкаар дамжуулан хөнгөлөлттэй зээл олгох төслийг сонгон шалгаруулах дэд комисс /цаашид “дэд комисс” гэх/ -ын үйл ажиллагаатай холбогдон гарах харилцааг зохицуулахад энэхүү журмын зорилго оршино.
1.2.    Хөнгөлөлттэй зээлийг Засгийн газрын тусгай сан болох Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан /цаашид “Сан” гэх/ -гийн хөрөнгөөс олгох ба энэхүү зээл нь жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд ажлын байр бий болгох, үйлдвэрлэлийг өргөтгөх боломжийг  бүрдүүлэхэд чиглэгдэнэ.
1.3.     “Төсөл сонгон шалгаруулах дэд комисс”-ыг байгуулж аймаг, нийслэлийн Засаг даргын дэргэд ажиллуулна. 1.4.    Орон нутгийн дэд комисс нь дарга, дэд дарга, нарийн бичиг, гишүүдээс бүрдсэн 9 хүний, нийслэлийн дэд комисс нь орон тооны бус дарга, дэд дарга, нарийн бичиг, гишүүдээс бүрдсэн 11-13 хүний бүрэлдэхүүнтэй орон тооны бус байна.
1.5.    Аймгийн төсөл сонгон шалгаруулах дэд комиссын Даргаар аймгийн Засаг дарга, Дэд даргаар ХХААЖДҮГазрын дарга, Нарийн бичгээр ХХААЖДҮГазрын ЖДҮ хариуцсан мэргэжилтэн байх ба гишүүдээр Оролцогч банкны төлөөлөл, Төрийн бус байгууллагын төлөөллийг оруулна.
1.6.    Аймгийн Засаг дарга нь дэд комиссын дарга байх ба өөрийн шийдвэрээр эрхээ шилжүүлж болно.
1.7.    Нийслэлийн төсөл сонгон шалгаруулах дэд комиссын Даргаар Үйлдвэрлэл, экологийн асуудал хариуцсан орлогч дарга, Дэд даргаар  Үйлдвэрлэлийн хэлтсийн дарга, Нарийн бичгээр Үйлдвэрлэлийн хэлтсийн Жижиг, дунд үйлдвэр хариуцсан мэргэжилтэн байх ба гишүүдээр Оролцогч банкуудын төлөөлөл, төрийн бус байгууллагын төлөөллийг хамруулна.
1.8.    Гишүүд нь төсөл сонгон шалгаруулах дэд комиссын хуралдаанд 1 саналын таслах эрхтэйгээр оролцож шийдвэр гаргана.
1.9.    Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд зээл олгох банкыг Жижиг дунд үйлдвэрийн газар, Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн саналыг үндэслэн ХХААХҮ-ийн сайд сонгон, гэрээ байгуулна.
1.10.    Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд банкаар дамжуулан зээл олгуулахаар Сангаас сонгосон банкны салбарт тусгай данс нээж, гэрээнд оролцогч талууд гэрээнд тохиролцсон хэмжээний хөрөнгийн эх үүсвэрийг төвлөрүүлж ТУСГАЙ ЗОРИУЛАЛТЫН САН /цаашид “сан” гэх/ бүрдүүлнэ.
1.11.     Дээрх сан нь дор дурдсан эх үүсвэрээс бүрдэнэ:
1.11.1.    Улсын төсвөөс Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд тусгагдсан хөрөнгө
1.11.2.    Аймаг, нийслэлийн орон нутгийн төсвөөс гаргах хөрөнгө
1.11.3.    Арилжааны банкнаас гаргах хөрөнгө
1.11.4.    Санд зээлийн эргэн төлөлтөөс бүрдсэн хөрөнгө
Хоёр. Төсөл хүлээн авах
2.1.    Дэд комисс хуралдаж хөнгөлөлттэй зээлийн санхүүжилт хүссэн төслүүдийг хүлээн авах хугацааг тохирч хэвлэл мэдээллээр олон нийтэд нээлттэй мэдэгдэнэ.
2.2.    Төслийг хэвлэл, мэдээллээр зарласнаас хойш орон нутагт ХХААЖДҮГазрын ЖДҮ хариуцсан мэргэжилтэн, Нийслэлд Жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан мэргэжилтэн төслийг хүлээн авна.
2.3.    Иргэнээс ирсэн төслийг харъяалалын дагуу, хуулийн этгээдийн төслийг тухайн төслийг хэрэгжүүлэх орон нутагт нь хүлээн авна.
2.4.    Төсөл хүлээн авагч нь энэхүү журмын 3.2, 3.3-т дурьдсан шаардлагыг хангасан төслийг хүлээж авна:
2.5.    Иргэн, хуулийн этгээд нь зээл хүссэн материалыг биеээр  болон шуудангаар ирүүлнэ. Асуудал хариуцсан мэргэжилтэн шуудангаар ирсэн төсөлтэй танилцаж шаардлага хангаагүй төсөлд ажлын 10 хоногийн дотор хаягийн дагуу болон утсаар хариу өгнө.
2.6.    Энэхүү журмын 2.2-т заасан мэргэжилтэн ирсэн төслийн материалын бүрдэлтэд дүн шинжилгээ хийж, шаардлага хангаагүй төслүүдийг хүлээн авахгүй байх ба бүрдэлт гүйцсэн материалыг бичиг хэрэг, архив хариуцсан мэргэжилтэнээр дамжуулан бүртгэж авна.
2.7.    ЖДҮ-ийн асуудал хариуцсан мэргэжилтэн хүлээн авсан материалыг төслийн нэгдсэн бүртгэлийн дэвтэрт бүртгэнэ.
2.8.    Төсөл хүлээн авах шаардлага хангасан төслүүдэд зээлийн шинжилгээ, судалгаа хийж төсөл сонгон шалгаруулах дэд комиссын хуралдаанд оруулахаар /хавсралт – 1/-ийн дагуу бэлтгэнэ.
2.9.    Төслүүдийн талаар боловсруулсан танилцуулга, мэдээллийг дэд комиссын хурал хуралдахаас ажлын 3 хоногийн өмнө комиссын гишүүдэд хүргүүлнэ.
Гурав. Төсөл сонгон шалгаруулах дэд комиссын үйл ажиллагаа
3.1.    Дэд комисс нь жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх чиглэлээр орж ирсэн төслүүдийн материалтай танилцан хэлэлцэж төсөлд санхүүжилт олгох, эс олгох талаар шийдвэрийг олонхийн саналаар гаргана.
3.2.    Дараах шаардлагыг хангасан төслийг сонгон шалгаруулна.
3.2.1.     “Жижиг, дунд үйлдвэрийн тухай хууль”-ийн 5 дугаар зүйлд заасан шалгуур үзүүлэлтийг хангасан байх;
3.2.2.    Тухайн бизнесийг нэг жилээс доошгүй хугацаанд эрхэлсэн, зохих хэмжээний туршлагатай, зах зээлд тодорхой байр суурь эзэлсэн байх;
3.2.3.    Татварын болон зээлийн хугацаа хэтэрсэн өр төлбөргүй байх;
3.2.4.    Хуулиар хориглоогүй барьцаа, батлан даалттай байх ба зээлийн барьцаа нь хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө, бусдын өмчлөлд шилжүүлж болох эд хөрөнгийн эрх байна;
3.2.5.    Үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаа явуулахад шаардагдах мэргэжлийн боловсон хүчин, ажлын  байрны нөхцөлийг бүрдүүлсэн байх;
3.2.6.    Үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаа эрхлэх техникийн нөхцөл, байгаль орчны болон үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаа  явуулахад шаардлагатай холбогдох бусад зөвшөөрлийг авсан байх;
3.2.7.    Бүтээгдэхүүн борлуулах гэрээ хийсэн, захиалгатай  байх, боломжгүй тохиолдолд эрэлт хэрэгцээ, зах зээлийн багтаамжийг судалж  тооцсон байх;
3.2.8.    Тоног төхөөрөмж, техник технологийг шинэчлэхдээ дэвшилтэт технологийг нэвтрүүлсэн байх
3.2.9.    Ажлын байрыг хадгалах, нэмэгдүүлсэн байх
3.3.    Сангийн нийт хөрөнгийн 10-оос доошгүй хувийг шинээр бизнес эрхлэгчдэд зориулж, тэдний боловсруулсан төслийн хэрэгжих үндэслэлийг харгалзан үзэж зээл олгож болно. Доорхи шалгуур үзүүлэлтийг хангасан шинээр бизнес эрхлэгчдэд зээл олгоно. Үүнд:
3.3.1.    Хэрэгжүүлэх төслийн санхүүжилтийн 30-иас доошгүй хувийг өөрийн хөрөнгөөр санхүүжүүлэх чадвартай байх;
3.3.2.    Төслийн үр дүнд бий болох бүтээгдэхүүн үйлчилгээ нь цаашид хөгжих боломжтой, шинэлэг байх;
3.3.3.    Татварын болон зээлийн хугацаа хэтэрсэн өр төлбөргүй байх;
3.3.4.    Хуулиар хориглоогүй барьцаа, батлан даалттай байх ба зээлийн барьцаа нь хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө, бусдын өмчлөлд шилжүүлж болох эд хөрөнгийн эрх байна;
3.3.5.    Шинээр бизнес эрхлэгч нь тухайн төслийн салбартаа мэргэшсэн, дадлага туршлагатай боловсон хүчинтэй эсвэл бэлдэж байх;
3.3.6.    Бүтээгдэхүүн борлуулах гэрээ хийсэн, захиалга авсан байх, боломжгүй тохиолдолд эрэлт хэрэгцээг тооцоолсон байх;
3.3.7.    Тухайн хэрэгжүүлэх төслийн хүрээнд шаардлагатай тусгай зөвшөөрөл, техникийн нөхцлийг эрх бүхий байгууллагаас авсан байх;
3.3.8.    Санхүүжүүлэх бизнес нь тогтмол мөнгөн орлоготой байх;
3.3.9.    Тухайн бүтээгдэхүүний түүхий эдийн зах зээлийн судалгаа,  үнийн түвшин, хэтийн төлвийн талаарх мэдээлэлтэй байх;
3.3.10.    Үйлдвэрлэх бүтээгдэхүүний зах зээлийн хэрэгцээ, шаардлага, зах зээлийн цаашдын хандлагыг тодорхойлсон байх;
3.3.11.    Дэвшилтэт технологийг нэвтрүүлсэн байх;
3.3.12.    Орон нутгийн  онцлогийг харгалзан нутгийн  түүхий эдийн нөөцөд түшиглэсэн, үр ашигтай байх;
3.3.13.    Ажлын байрыг хадгалсан, нэмэгдүүлсэн байх;
3.3.14.    Зах зээлийн судалгаа, газар зүйн байрлалыг тусгасан байх; /Зэргэлдээ аймаг, сумын хэрэгцээг судалсан байх/
3.4.    Тухайн төслийн хамрах хүрээ, үр ашиг, санхүү, төлбөрийн чадварын байдлаас шалтгаалж нэг зээлдэгчид нийслэлд 100 хүртэл сая төгрөг, хөдөө орон нутагт 50 хүртэл сая төгрөгийг 3 хүртэл жилийн хугацаатай олгохоор шийдвэрлэнэ.
3.5.    Дэд комиссоос дэмжигдсэн төслүүдийг шийдвэр гарснаас хойш ажлын 5 хоногийн дотор дамжуулан зээлдүүлэх банкинд шилжүүлэх ба дэмжигдээгүй төслийн хариуг зээл хүсэгчдэд албан бичгээр мэдэгдэнэ. Албан бичигт төсөл шалгараагүй шалтгаан, үндэслэлийг тодорхой дурдана.
3.6.    Гэрээ байгуулсан арилжааны банк нь ажлын 14 хоногт багтаан банкинд мөрдөгдөж буй журмын дагуу судлан шийдвэрлэж, орон нутгийн дэд комисст эргүүлэн мэдэгдэнэ.
3.7.    Дэд комисс нь зээл хүссэн иргэн, хуулийн этгээдээс ирсэн төслийн тооноос хамааруулан хуралдааныг тухай бүр зохион байгуулна.
3.8.    Аймаг, нийслэлийн төвд тухайн салбарын зах зээлийн багтаамжийг харгалзан нэг салбарт зээл авах зээлдэгчийн тоог дэд комисс тогтооно.
3.9.    Хөнгөлөлттэй зээлийн явцын талаар цаг тухай бүр  хэвлэл, мэдээллийн хэрэгслээр олон нийтэд дэлгэрэнгүй мэдээллэж байна.
Дөрөв. Аймаг, нийслэлийн  ЗДТГ-ын  эрх, үүрэг
4.1.    Төсөл сонгон шалгаруулах дэд комиссын үйл ажиллагааг тасралтгүй явуулахад дэмжлэг үзүүлнэ.
4.2.    Жижиг, дунд үйлдвэр эрхлэгч иргэн, хуулийн этгээдээс төсөл боловсруулах явцад зөвлөгөө өгнө.
4.3.    Тусгай зориулалтын санд орон нутгийн төсвөөс хөрөнгө олгож болох бөгөөд түүний хэмжээг аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тухайн жилийн орон нутгийн төсөвт тусгаж батална
4.4.    Зээл, зээлийн хүүг төлүүлэх үйл ажиллагаа удаашралтай байвал орон нутгийн төсөл шалгаруулах дэд комисс нь тухайн зээлдэгчид тулгарч буй бэрхшээлийг даван туулахад дэмжлэг үзүүлнэ.
4.5.    Зээл авсан иргэн, хуулийн этгээдийг “Бизнесээ хөгжүүл” сургалтанд хамруулах үйл ажиллагааг дэмжих.
Тав. Батлан даалт гаргах
5.1    Төсөл сонгон шалгаруулах дэд комисс тусгай зориулалтын сангийн хөрөнгийн 10-аас доошгүй хувийг Санхүүгийн зохицуулах хорооноос баталсан журмын дагуу зээлийн батлан даалтын зориулалтаар ашиглана.
Зургаа. Хяналт тавих, тайлан гаргах
6.1    Дэд комиссын үйл ажиллагаанд хөндлөнгийн хяналт тавих, мониторинг хийх үүргийг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг, дунд үйлдвэрийн газар нь /цаашид “газар” гэх/, ХХААХҮЯамны Мэдээлэл, хяналт шинжилгээ үнэлгээний газар, ЖДҮХСантай хамтарсан ажлын хэсэг гарч гүйцэтгэнэ.
6.2    Ажлын хэсэг нь хяналтыг жилд 2-оос доошгүй удаа жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийг дэмжих чиглэлээр улсын хэмжээнд олгогдсон зээлтэй газар дээр нь очиж танилцах байдлаар хийнэ.
6.3    Ажлын хэсгийн хяналт нь дэд комиссын үйл ажиллагаа, төсөл сонгон шалгаруулалт, төслийн хэрэгжилтэнд хяналт тавьж, мониторинг хийнэ. Ажлын хэсгээс гарсан тайланг Сайдад хагас жил тутам танилцуулна.
6.4    Тухайн орон нутгийн Дэд комиссын нарийн бичиг дэд комисст ирсэн төсөл, хуралдаанд оруулсан төсөл, шалгарсан төслийн талаарх мэдээг /хавсралт – 2/-ын дагуу/ долоо хоногийн 5 дахь өдөр бүр гаргаж ХХААХҮЯамны ЖДҮХСан, ЖДҮГазарт хүргүүлнэ.  Дэлгэрэнгүй  мэдээг улирал бүр /хавсралт – 3/-ын дагуу  ХХААХҮЯамны ЖДҮХСан, ЖДҮГазарт хүргүүлнэ.
Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих
зорилгоор арилжааны банкаар
дамжуулан хөнгөлөлттэй зээл олгох
төслийг сонгон шалгаруулах дэд

комиссын үйл  ажиллагааны журмын хавсралт-1
Компанийн төслийн  мэдээлэл
Байгууллагын нэр: ҮМТ-гийн дээд хэсэгт тухайн компаний албан ёсны нэрийг бичнэ. Нэрийг бичихдээ товчлохгүй байвал зохино.                          Жишээ нь: Магнай Трейд ХХК-ийг МТ гэж товчилж болохгүй.
(Регистрийн дугаар) Байгууллагын регистрийн дугаар
(Улсын бүртгэлийн дугаар) Байгууллагын Улсын бүртгэлийн дугаар
(Байгуулагдсан огноо) Тухайн аж ахуйн нэгж байгууллагын үүсгэн байгуулагдсан огноо эсвэл тухайн хувь хүний бизнес хийж эхэлсэн огноо.
(Эзэмшигчид) Хамгийн том хувьцаа эзэмшигчдийг эзэмшиж байгаа хувьцааны хувь хэмжээгээр ихээс нь бага руу нь дэс дараалуулан бичнэ. Мөн эзэмшиж байгаа хувьцааны хувь хэмжээг бичнэ.
Удирдлагын Нэр Захирлуудын Зөвлөлийн болон удирдлагын гишүүдийн нэр
(Албан тушаал, ур чадвар,
мэргэжил, туршлага )    Албан тушаал
(Хэдийнээс) Уг албан тушаалд хэдийнээс эхлэн ажилласан
(Төрсөн огноо) Төрсөн он, сар, өдөр
(регистрийн дугаар) Захирлын регистрийн дугаар
(иргэний үнэмлэхийн дугаар) Захирлын иргэний үнэмлэхийн дугаар
Ажиллах хүчин
Тухайн компани нийт хэдэн ажиллагсадтай, үүнээс хэд нь нарийн мэргэжлийн болох, бизнесийн циклтэй холбогдон ачаалал их үед үндсэн ажиллагсадаас гадна түр хугацаагаар буюу гэрээгээр өөр ажиллагсадыг ажиллуулдаг эсэх  талаар бичих.
Collateral
(Барьцаа хөрөнгө) Зээлийн барьцаа хөрөнгийн нэр төрөл, чанарын талаар товч дурдана. Мэдээлэл тодорхой биш тохиолдолд N/A гэж бичнэ
Үйл ажиллагаа/Үйлдвэрлэл
болон түгээлт    Компанийн эрхэлдэг үндсэн үйл ажиллагаа /Зээлийн шинжилгээний тайланд –тухайн зээлийн өргөдөлтэй холбоотой бизнесийн талаар бичнэ./ бизнесийн талаар бичнэ. Мөн үйлдвэрлэл, гол нэр төрлийн бүтээгдэхүүн, түгээлтийн сүлжээний хэмжээ, байрлал, төрлийн талаар дурдана.
Тухайн зээлдэгч өөрийн бүтээгдэхүүнээ ямар сувгаар (өөрийн сүлжээгээр,  бөөнийн сүлжээгээр эсвэл худалдааны төлөөлөгчөөр дамжуулан гэх мэт) борлуулдгийг бичнэ.
Худалдааны нэр хүнд:    Зээлдэгч болон түүний бүтээгдэхүүний нэр хүнд худалдан авагчдын дунд ямар вэ, энэ нь бүтээгдэхүүнээ зарах, түгээх нөхцөлд хэрхэн тусгалаа олсныг бичих
Тухайн компани нь бэлтгэн нийлүүлэгчдийнхээ дунд ямар байр суурь эзэлдэг, энэ нь зээлдэгчийн худалдан авах гэрээний нөхцөлд хэрхэн нөлөөлдгийг бичнэ.
Гол бэлтгэн нийлүүлэгчид болон худалдан авах нөхцөл:    Гол бэлтгэн нийлүүлэгчид, тэдгээрийн байршил, төвлөрөл /гол түүхий эдийн хувьд маш цөөхөн тооны бэлтгэн нийлүүлэгчээс хамааралтай байх/, нэгдэл (бэлтгэн нийлүүлэгчдийн аль нэг нь тухайн компанитай холбоотой эсэх)-ийн талаар болон гол нэр төрлийн бүтээгдэхүүнүүдээ худалдан авдаг нөхцлийн талаар бичнэ. Ямар ямар нэр төрлийн бүтээгдэхүүнийг хэдэн хувь нь урьдчилгаа төлбөрөөр, хэдэн хувь дараа төлбөрөөр хийгддэг болон аккредитив ашигладаг эсэх, ашигладаг бол аккредитивийн нөхцөл гэх мэт бэлтгэн ниилүүлэгч, худалдан авалтын нөхцлийн талаархи бүх мэдээллийг хамруулна.
(Гол харилцагчид/худалдан авагч,
борлуулалтын нөхцөл)    Гол худалдан авагчид, тэдгээрийн байршил, төвлөрөл /цөөхөн тооны худалдан авагчаас хамааралтай байх/, нэгдэл (худалдан авагчдын аль нэг нь тухайн компанитай холбоотой эсэх)-ийн талаар болон борлуулалтын нөхцлийн талаар дэлгэрэнгүй бичих.
Зээлийн түүх 
Энэ хэсэгт зээлдэгчийн сангаас авч байсан зээлийн түүхийг бичнэ.
•    Зээл олгогдсон огноо
•    Зээлийн дүн
•    Зээлийн хүү
•    Төлсөн хүүгийн хэмжээ
•    Зээлийн хугацаа
•    Зээл төлөгдсөн огноо
Зах Зээл :    Энэ хэсэгт дараах мэдээллийг оруулсан байх хэрэгтэй.
•    Зээлдэгчийн зах зээлийн өсөлт хөгжилт, цикль/насжилт өнгөрсөн хугацаанд ямар байдалтай байсан, ирээдүйд ямар байх талаар  хийсэн прогноз;
•    Ижил хэмжээний компаниудтай харьцуулсан шинжилгээ: Зах зээл дээр эзлэх хувь хэмжээ, нэр хүнд, сул ба давуу тал, боломжийн талаар судалж дүгнэн бичих.
Зээл эргүүлэн төлөх эх үүсвэр
Энэ хэсэг нь дараах асуудлыг хамарна. Үүнд:
•    Санхүүжүүлэх гэж буй төслийн талаар тодорхой тайлбарлана. Тухайлбал: санхүүжилттэй холбоотой гэрээ хэлцэлд тусгагдсан гол нөхцөлүүийн талаар дурдана.
•    Төслийн санхүүжилт болон томоохон зээлүүд дээр банкны зээлээс гадна бусад эх үүсвэрийг (хувь нийлүүлэгчдээс оруулах хөрөнгө, хувьцаа гаргаснаар орж ирсэн мөнгө, бусад банкны зээл гэх мэт) хаанаас гаргах талаар;
•    Зээл эргэн төлөх эх үүсвэрүүдийн талаар;
•    Зээлийн дүн батлагдсаны дараа дахин шинээр зээл нэмж батлуулах хүсэлт гарч болох бол энэ талаар таамаглал хийх;
•    Батлагдсан зээлийн нөхцөл болон заавал биелүүлэх нөхцлийг зээлдэгч мөрдөж чадаагүй тохиолдолд яагаад мөрдөж чадаагүй вэ гэдгийг тайлбарлана.
Орлогын талаархи мэдээлэл
Том дүнтэй огцом өөрчлөлт дээр анхаарлаа хандуулах хэрэгтэй. Үүнд:
•    Борлуулалтын орлого, түүний хэдэн хувь нь ямар хугацаатай зээлээр хэдэн хувь нь бэлнээр хийгддэг болох
•    Нийт ашгийн түвшин (үнийн бодлого, бүтээгдэхүүний төрлүүд, өрсөлдөх чадвар, түүхий эдийн үнийн ойрхон өөрчлөлтөөс хамааралтай эсэх);
•    Үйл ажиллагааны болон цэвэр ашгийн түвшин (үр ашиг);
•    Ашигт ажиллагааны түвшний шинж чанар (тогтмол биш онцгой шинж чанартай орлогуудаас хамааралтай байдаг эсэх);
•    Ноогдол ашиг хуваарилалтын бодлого.
Эрсдлийн шинжилгээ    Тухайн зээлийн хүсэлт, баримт бичгийг бүрэн судалж өөрийн дүгнэлтийг өгсөний дараа зээлд нөлөөлж болзошгүй эрсдлийн талаар болон учирч болзошгүй эрсдлээс гарах арга зам, зээл төлөх чадваргүй болсон нөхцөлд авах арга хэмжээний талаар саналаа оруулна.
c) Гүйцэтгэлийн эрсдэл
Энд тухайн санхүүжүүлэх гэж буй бизнесийг хэрэгжүүлэхэд үүсч болох дараах эрсдлүүдийн нөлөөллийг тооцож түүнээс гарах арга замын талаар бичих.
•    Зардлын  шинжилгээ;
•    Удирдлага (удирдах ур чадвар, мэдлэг, туршлага);
•    Үйлдвэрлэл (гүйцэтгэл, чанар/нэхэмжлэл).
•    Нийлүүлэлтийн нөхцөл;
•    Үнэ  (огцом өөрчлөлт, эрсдлээс хамгаалсан стратеги);
•    Хуулийн баримтууд.
Харилцагч банкны талаархи мэдээлэл
Нийт хэдэн банктай ямар ямар чиглэлээр хамтран ажилладаг, зээлдэгчийн болон холбогдох компаниудын (толгой компани гэх мэт) манай банкаар үйлчлүүлдэг үйлчилгээнүүдийн талаар /жишээ нь: харилцах болон зээлийн дансдын/ тайлбарыг өгнө. Харин эдгээрийн хэмжээ болон бусад дэлгэрэнгүй мэдээллийг ҮМТ тусгана.
Дүгнэлт
Хийсэн дүгнэлт, ямар нөхцөлтэйгээр зээлийг батлуулах санал оруулж байгаагаа тодорхой бичнэ. Өмнө батласан зээлийн нөхцлийг биелүүлээгүй, чөлөөлүүлэх санал оруулах шаардлагатай бол энэ хэсэгт тэмдэглэнэ.
Post a Comment